Б.Оюунцэцэг: Х.Нямбаатарын дарангуйллаас үхэн үхтлээ гарахгүй юм шиг байна
5/1/2025, 7:09:39 PM

Иргэн Б.Оюунцэцэг сүүлийн 8 жил ТҮЦ эрхэлж байгаа бөгөөд өдгөө 68 настай. Түүний хувьд ТҮЦ гол амьжиргаа нь. ТҮЦ-гүй болсон ч 2027 он хүртэл ямар нэгэн аргаар жижиглэнгийн бараа зарах ажлаа зогсоохгүй гэдгээ бидэнд хэлсэн, шалтгаанаа ч тайлбарлалаа.
Б.Оюунцэцэг гуай лаборант мэргэжилтэй. "Цагтаа амьдрал маань халгиж цалгиж явлаа. Хүний амьдрал үргэлж дардан байдаггүй гэж үнэн. Нэг л өдөр өвдөж, ажилгүй болсноор бүх зүйл орвонгоороо эргэсэн. Гэр маань шатаж, орох оромжгүй хүүхдүүдтэйгээ өмссөн хувцастайгаа үлдэж, нөхөр маань өвдсөн... гээд хүний амьдралд тохиолддог хатуу бүхнийг туулж явна. Тэглээ гээд гараа хумхиад сууссангүй, юм юм хийж, үр хүүхдээ хүний дайтай явуулчих гээд өнөөг хүртэл хичээж ирлээ. Тэтгэвэрт гарсан надад ажил болон зээл олдоно гэдэг хүнд. Өрөөлөөс гуйхгүй, өөрөө хөдөлмөр эрхлэх боломжийг ТҮЦ олгож байлаа. Одоо харин амьдралаа тэтгэж байсан ТҮЦ-гүй боллоо. 2005 оноос хойш гадаа талбайд жижиглэнгийн бараа зарж, 2017 оноос өөрийн гэсэн ТҮЦ-тэй болсон. Нэг үеэ бодвол амьдрал бага багаар сайжирч, үр хүүхэддээ нэг ч гэсэн өв хөрөнгө үлдээе гээд 2022 онд байрны зээлэнд орсон. Харин ТҮЦ-ийг минь хурааснаар бүх орлого тасарлаа. Үүнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй, Х.Нямбаатар биднийг тэжээхгүй шүү" гэж бодит байдлаа учирлалаа.
Таны ТҮЦ-ийг ачихаасаа өмнө танд мэдэгдсэн үү?
Мэдэгдэх хуудас өгөөд 24 цагийн дотор л ачсан. Би ТҮЦ-ээ хашаандаа тавьсан. Торгуультай газар тавиад төлж чадахгүй. Миний ТҮЦ-ийг Х.Нямбаатарын захирамжаар гээд эвдээд, хэмхлээд ачсан. Цагийн сайханд би таван хүүхэд төрүүлээд улсад 30 гаруй жил ажиллаж байж тэтгэвэрт гарсан хүн. Хүн нэг үе мандаж явсан бол дараа үед доройтож явдаг үе байдаг юм байна гэдгийг биеэр туулж явж байна. Ингээд суухаар цагдаа нар нь дарамтлаад хэцүү л байгаа. Одоо яаж 40, 50 сая төгрөгийн өр, зээлээсээ гарах вэ. Гэр орноо яаж авч явах юм бэ гэдэг асуултыг Х.Нямбаатараас асуумаар байна. Манай нөхөр харвасан болохоор группт байдаг. Мөн би элэгний хатууралтай, бөөрний дутагдалтай хүүхдээ 6-7 жил асарч байгаа.